Дүрэм

Хэвлэх
PDF

Нийгэмлэгийн гишүүдийн 2012 оны 5 дугаар

сарын 18-ны Хурлаар хэлэлцэн батлав.

 

Монголын эх барих эмэгтэйчүүдийн

эмч нарын нийгэмлэгийн дүрэм

 

Нэг. Ерөнхий зүйл

Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг (Товчилсон нэр нь МЭЭЭН, цаашид Нийгэмлэг гэх) нь Монгол улсын харьяат, эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн болон түүний салбар мэргэшил бүхий их эмч нарын (Цаашид мэргэжлийн эмч нар гэх) ажил мэргэжлийнхээ өвөрмөц онцлог, эрх ашгийн үүднээс сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага болно. Анх 1989 онд байгуулагдсан, Улаанбаатар хотноо төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг, Веб хаяг: www.mfog.mn.

 

Хоёр. Хууль эрх зүйн хүрээ
  1. Нийгэмлэг нь Хууль зүйн яамны бүртгэлтэй, хуулийн этгээд, Төрийн бус байгууллага мөн.
  2. Нийгэмлэг нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн болон Төрийн бус байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
  3. Нийгэмлэг нь байгууллагын бэлгэдэл, албан бичгийн хуудас, тамга тэмдэг хэрэглэж, өөрийн Веб хуудас, цахим хаягтай, холбоо харилцааны бусад хэрэгслээр хангагдсан байна.
  4. Нийгэмлэг нь өөрийн хөрөнгө, мөнгөн санхүүгийн данстай байна.
  5. Нийгэмлэг нь нийслэлийн дүүргүүд, аймаг орон нутаг, түүнчлэн зохих тооны мэргэжлийн эмч нартай өмчийн аль ч хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгж дээр салбар зөвлөлийг байгуулж болно.
  6. Санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргаж, удирдах зөвлөл болон жил тутмын тайлангийн хуралд мэдээлнэ.

 

Гурав. Нийгэмлэгийн зорилго
  1. Нийгэмлэг нь гишүүд, эмч мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хамтын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онцлог ёс зүйг эрхэмлэн сахиулах, тэдний мэргэжлийн эрх ашиг, нэр төрийг хамгаалах
  2. Эх хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн шатлалын тусламжийн чанар, хүртээмжийг дэлхий нийтийн өнөөгийн төвшинд хүргэхийг зорихдоо эмч мэргэжилтний хүч оролцоог улам бүр нэмэгдүүлэх

 

Дөрөв. Нийгэмлэгийн үйл ажиллагааны чиг үүрэг
  1. Улс орны хэмжээнд эх барих эмэгтэйчүүдийн тусламжийн бодлого, хууль тогтоомж, төлөвлөгөө боловсруулахад ЭМЯ болон төр, иргэний нийгмийн бусад байгууллагуудтай хамтран оролцож, зохион байгуулалт, менежментийг шинэчлэхэд эмч мэргэжилтнийг өргөнөөр оролцуулах
  2. Эмч мэргэжилтний ажлын нөхцлийг сайжруулах, тэдний эрсдэл аюулгүй хөдөлмөрлөх нөхцлийг хангах, хийж гүйцэтгэсэн ажлын чанар, үр дүнд тохирсон цалин хөлсний оновчтой зөв тогтолцоо бүрдүүлэхэд холбогдох байгууллагуудад асуудал боловсруулан оруулж шийдвэрлүүлэх
  3. Төр, хувийн хэвшлийн болон бусад салбарын эмч мэргэжилтний хамтын ажиллагаа, итгэлцэл, түншлэлийг шинэ шатанд гаргах
  4. Эмч нарын төгсөлтийн дараах сургалт, тэднийг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх ажлыг холбогдох бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулахад тэргүүлэх чиг үүрэгтэй оролцох
  5. Эмч нарын эрдэм судлалын болон мэргэжлийн зэргийг ахиулах, дээшлүүлэх арга хэмжээнд дэмжлэг туслалцаа үзүүлэх
  6. Эрүүл аж төрөх ёс, гэр бүл нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр олон нийтэд зориулсан мэргэжлийн зөвлөмж, аргачлал гаргаж байх
  7. Нийгэмлэг олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, гадаад харилцааг хөгжүүлэхэд бүх талаар анхаарна
  8. Нийгэмлэг нь салбараа нийслэл, дүүрэг, аймаг хотуудад өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн бус байгууллагыг түшиглэн байгуулж болно.
  9. Нийгэмлэг нь дэргэдээ нарийн мэргэжлийн салбар зөвлөлтэй байж болно. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах чиг үүргийг удирдах зөвлөлөөр хэлэлцэн батална.

 

Тав. Нийгэмлэгийн үйл ажиллагааны зарчим

Нийгэмлэгийн алив үйл ажиллагаа нь олон нийтэд ойлгомжтой, ил тод, ёс зүйтэй, гишүүн нэг бүрийгээ хүндэтгэж сонсдог, зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр оновчтой, зөв шийдвэр гаргаж чаддаг, шийдвэрээ биелүүлэхэд хамтын чармайлтаар оролцдог байна.

 

Зургаа. Нийгэмлэгийн эрх
  1. Нийгэмлэг зорилго, үйл ажиллагааны чиг үүрэгт нийцсэн аливаа асуудлаар төр, засгийн байгууллагуудад асуудал боловсруулан оруулж, шийдвэрлүүлэх
  2. Эх, нялхсын онол практикийн тулгамдсан асуудлаархи гишүүд, эмч нарын бүтээлийг сурталчлах, олон нийтийн хүртээл болгох
  3. Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд болон салбар зөвлөлүүдийн тайланг жилээр дүгнэж, санаачлагатай үр бүтээлтэй ажилласан тохиолдолд урамшуулж, үр дүнг мэдээллэх
  4. Нийгэмлэг салбар зөвлөл байгуулах болон татан буулгах асуудлыг шийдвэрлэх
  5. Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах ажилд онцгой амжилт гаргасан эмч, гишүүдийг Төр засгийн шагналд тодорхойлох, олон улсын байгууллагын шагналд нэрийг нь дэвшүүлэх
  6. Нийгэмлэгийн дүрмийг удаа дараалан зөрчсөн, мэргэжлийн болон ёс зүйн ноцтой алдаа гаргасан гишүүний асуудлыг салбар болон удирдах зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэх

 

Долоо. Нийгэмлэгийн гишүүнчлэл
  1. Нийгэмлэгийн дүрмийг зөвшөөрч, түүний бодлого, шийдвэрийг дэмжиж үйл ажиллагаанд оролцох эх барих эмэгтэйчүүдийн болон түүний салбар нарийн мэргэшлийн эмч нийгэмлэгийн гишүүн байна. Гишүүн нь нийгэмлэгийн аль нэг анхан шатны байгууллагад харъяалагдах ба түүнд Нийгэмлэгээс гишүүний үнэмлэх олгоно.
  2. Гишүүн нь нас хүйс, албан тушаал, гавьяа шагнал, эрдмийн зэрэг, цол, өмчийн аль байгууллагад ажилладаг, мэргэжлийн ажил төрлөө эрхэлж байгаа эсэхээс үл хамааран адил тэгш эрхтэй байна.
  3. Эх барих эмэгтэйчүүдийн биш бусад мэргэжлийн эмч, эрүүл мэндийн ажилтан, бүр өөр ажил мэргэжлийн хэн ч байсан өөрийн хүсэл сонирхлоороо Нийгэмлэгт дэмжигч гишүүнээр элсэн орж болно. Нийгэмлэгээс түүнд дэмжигч гишүүний үнэмлэх олгоно.
  4. Нийгэмлэг нь тухайн салбартаа онцгой амжилт бүтээл гаргасан ахмад эмч, гишүүнийг “Хүндэт гишүүн”-ээр тодруулан өргөмжилж болно. Хүндэт гишүүн нь гишүүний татвараас чөлөөлөгдөхийн дээр түүнд нийгэмлэгийн зүгээс шагнал олгох, алдаршуулах ажил зохиож болно.

Найм. Нийгэмлэгийн гишүүний эрх
  1. Гишүүн нь Нийгэмлэгийн үйл ажиллагааны бодлого боловсруулах, хэлэлцэхэд санал, санаачлага гаргах, биечлэн оролцох, аль шатны ч удирдлага хийгээд гишүүнийг шүүмжлэх, мэргэжлийн эрх ашиг, нэр төрөө хамгаалуулах эрхтэй
  2. Нийгэмлэгийн аль ч шатны удирдах байгууллагад өөрийн болон бусад гишүүний нэрийг дэвшүүлэх, сонгох, сонгогдох, татгалзах
  3. Мэргэжлийн дадлага туршлага, мэдлэгээ дээшлүүлэх, нарийвчлан мэргэших талаар дэмжлэг туслалцаа авах
  4. Судалгаа шинжилгээний ажлын чиглэл, сэдэв сонгох талаар зөвлөгөө авах, туршилт бүтээлээ хэлэлцүүлэх, хэвлүүлж олон нийтэд хүргэх, мэргэжлийн зэрэг хамгаалах асуудлаар зөвлөмж чиглэл авах
  5. Гишүүн нь нийгэмлэгээс зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаа болон дотоод гадаадын сургалт семинарт оролцох талаар давуу эрхтэй
  6. Гишүүн нийгэмлэгээс сайн дураараа гарах, дахин элсэх асуудлыг тавих эрхтэй ба шийдвэрийг анхан шатны байгууллага гаргана.

 

Ес. Нийгэмлэгийн гишүүний үүрэг
  1. Гишүүн нь нийгэмлэгийн дүрмийг хүндэтгэн, бодлого, шийдвэрийг биелүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах
  2. Хүн амын эрүүл аж төрөх ёс, гэр бүл, нөхөн үржихүйн эрүүл мэнд, соёл уламжлалыг хамгаалах талаарх ололт, амжилтыг сурталчлах
  3. Гишүүн нь хүний эмчийн, түүний дотор эх барих-эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн онцлог ёс зүйн хэм хэмжээг дээдлэн, үйлчлүүлэгчдээ бүх талаар хүндэтгэн үзэж, тэдний хувийн нууцыг баттай хадгалж, нэр төрийг тууштай хамгаална
  4. Гишүүний татварыг тогтоосон журмаар хугацаанд нь өгч, нийгэмлэгийн сан бүрдүүлэхэд идэвхтэй оролцоно.

 

Арав. Нийгэмлэгийн удирдлага, бүтэц зохион байгуулалт
  1. Нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь Нийгэмлэгийн гишүүдийн Их хурал байна. Их хурлыг 3 жил тутамд зарлан хуралдуулна. Их хурлын төлөөлөгчдийг анхан шатны салбар нэгжүүдээс сонгоно.
  2. Их хурлаас Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог баталж, гишүүд, дарга, орлогч даргыг сонгоно. Удирдах зөвлөлийн дарга нь Нийгэмлэгийн Тэргүүн, орлогч дарга нь Нийгэмлэгийн дэд Тэргүүн байна. Их хурлын чөлөө цагт Нийгэмлэгийн эрхийг удирдах зөвлөл барина.
  3. Нийгэмлэг нь тайлангийн хурлыг жилд тутамд хийж, төлөвлөсөн ажлын биелэлт, дараа жилийн ажлын чиглэлийг хэлэлцэн батална. Тайлангийн хурлыг удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хэлбэрээр, гишүүд, дэмжигчдийг чөлөөтэй оролцох боломжтойгоор зарлан хуралдуулж болно.
  4. Удирдах зөвлөл нь Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ажлын албаны орон тоо, тэдний цалин хөлсний хэмжээ, ажил үүргийн хуваарийг баталж, томилон ажиллуулна.
  5. Удирдах зөвлөлөөс Нийгэмлэгийн Их хурал болон тайлангийн хурлын хэлэлцэх асуудлыг баталж, товыг зарлана.

 

Арван нэг. Нийгэмлэгийн удирдах зөвлөл
  1. Удирдах зөвлөлийн дарга, орлогч дарга, гишүүд орон тооны бус байж болно.
  2. Удирдах зөвлөлийн гишүүд нь өмчийн аль ч хэлбэрийн салбарын эмч мэргэжилтэн байж болно.
  3. Удирдах зөвлөлийн гишүүд Нийгэмлэгийн өмнө хариуцан гүйцэтгэх ажил үүргийн чиг хуваарьтай байна.
  4. Нийгэмлэгийн удирдах зөвлөл нь ажлын албаны үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй. Удирдах зөвлөл улиралд хуралдаж, доорх асуудлыг хэлэлцэнэ.
    • Нийгэмлэгийн жил, улирлын ажлын төлөвлөгөөний явц, үр дүн
    • Нийгэмлэгийн санхүүгийн төвлөрөлт, зохицуулалт, хяналт
    • Гүйцэтгэх захирал, ажлын албаны ажилд дүгнэлт, чиглэл өгөх
    • Цаг үеийн бусад асуудлууд
  5. Удирдах зөвлөл нь шийдвэрээ тогтоол, протокол гаргаж хэрэгжүүлнэ.
  6. Нийгэмлэгийн удирдах зөвлөл нь шаардлагатай бол ажлын албанд түр болон бүр ажилтан (сургагч-багш, гадаад дотоодын зөвлөх, бүртгэл санхүүгийн ажилтан г.м)-ыг гэрээ хэлцлээр авч ажиллуулж болно.
  7. Нийгэмлэгийн салбар, мэргэжлийн зөвлөл байгуулан, ажлын чиг үүргийг тогтооно.

 

Арван хоёр. Нийгэмлэгийн хяналтын зөвлөл
  1. Нийгэмлэгийн хяналтын зөвлөлийг ИХ хурлаас 5 хүний бүрэлдэхүүнтэй сонгоно.
  2. Хяналтын зөвлөл нь байгууллагын үйл ажиллагаа болон санхүүгийн байдалд үнэлэлт өгөх, татвар хураалт, бусад орлогын байдлыг шалгаж, удирдах зөвлөл, тайлангийн хуралд мэдээлнэ.

 

Арван гурав. Нийгэмлэгийн санхүүжилт, түүний зарцуулалт
Нийгэмлэгийн орлого санхүүжилтийн эх үүсвэр нь
  1. Гишүүд, дэмжигч гишүүдийн татвар, хандив
  2. Өөрийн үйл ажиллагааны орлого
  3. Төрийн ба төрийн бус байгууллагуудын хандив тусламж
  4. Гадаадын байгууллагын хандив тусламж
  5. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний
  6. Бусад орлогоос бүрдэнэ
Хөрөнгө санхүүгийн зарцуулалт, тайлагнал
  1. Нийгэмлэгийн санхүүгийн дүрмийг удирдах зөвлөлийн шийдвэрээр баталж мөрдөнө.
  2. Орлого зарлагын дүн, санхүүгийн тайланг улирал бүрд татварын албанд гарган өгч, дүнг удирдах зөвлөлд танилцуулна.

 

Арван дөрөв. Нийгэмлэгийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
  1. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Нийгэмлэгийн Их хурлаар хэлэлцүүлэн олонхийн саналаар шийдвэрлэнэ
  2. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Нийгэмлэгийн гишүүн хэн ч гаргаж болно.