ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хэвлэх
PDF

Монгол улсын гавъяат багш, тэнхимийн анхны эрхлэгч, Анагаах ухааны доктор, профессор М.Дамбадоржийн нэрэмжит шатрын тэмцээн 2017.11.16-нд зохион байгуулав. Тус тэмцээнд хот хөдөөгийн 20 шахам эрэгтэй, эмэгтэй шатарчид оролцсон.

Эрэгтэй шатарчдаас

  • Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотын эх барих эмэгтэйчүүдийн эмч Д.Ганболд тэргүүн байр
  • Нийслэлийн өргөө амаржих газрын эмч П.Эрдэнэбаатар дэд байр

Эмэгтэй шатарчдаас

  • Нийслэлийн амгалан амаржих газрын эмч Гүлгайм тэргүүн байр
  • Нийслэлийн өргөө амаржих газрын эмч Елик дэд байр эзэллээ.

Энэхүү тэмцээнийг дэмжсэн байгууллагын удирдлага оролцсон хот, хөдөө орон нутаг, дүүргийн эмнэлгийн эмч нарт гүн талархал илэрхийлье.

Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо Эх барих эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн салбар зөвлөл Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим

2017 оны 11 дүгээр сар 20

Мэдээлэл

Хэвлэх
PDF

Ази Далайн Эх барих, эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Рави Чандра болон Малайзын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Ази Далайн Эх барих, эмэгтэйчүүдийн холбоо (АДЭБЭХ) нь анх 1957 онд байгуулагдсан, 28 гишүүн орныг эгнээндээ багтаадаг бөгөөд нөхөн үржихүй, эх барих, эмэгтэйчүүд судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, ураг, нярай, охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сайн сайхныг дэмжих үндсэн зорилготой. Одоогоор холбоо нь эх ургийн анагаах ухаан, эмэгтэйчүүдийн хавдар судлал, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгүүл, чанд авиан, урогинеколог, эмэгтэйчүүдийн дуран, хамтын ажиллагаа, зөвлөхүүдийн гэсэн 10 дэд хороотой үйл ажиллагаагаа явуулж байна.

Монголын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг (МЭБЭЭНН) нь анх 1994 онд Ази Далайн Эх барих, эмэгтэйчүүдийн холбоонд гишүүнээр элсэн орж хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. АДЭБЭХ-оос олгодог Эх барих, эмэгтэйчүүдийн шилдэг залуу эмч –ийн шагналыг Монголын 30 эмч одоогоор хүртээд байна. 2017 оны 6 сард Хонг Конг-д зохион байгуулагдсан АДЭБЭХ-ны 24-р их хурлаар тус холбооны шинэ ерөнхийлөгчөөр Рави Чандра (Малайз) сонгогдсон билээ.

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд АДЭБЭХ-ны ерөнхийлөгч Рави Чандратай 10-р сарын 7 нд УБ хотноо албан бус уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар АДЭБЭХ-той сургалт, судалгаа хамтран хийх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэтгүүлийн чанарыг сайжруулах, олон улсын бусад нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах, нийгэмлэгийн чадавхийг сайжруулах зэрэг чиглэлээр харилцан ярилцлаа. Уулзалтад мөн Малайз улсын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг-ийн төлөөлөгчид оролцож өөрсдийн туршлагаас бидэнтэй хуваалцлаа.

МЭБЭЭНН нь 2018 онд АДЭБЭХ-той хамтран Эх ургийн чанд авиан оношилгоо, Эмэгтэйчүүдийн дурангийн оношилгоо, эмчилгээ сэдвүүдээр эмч нарт зориулсан сургалт зохион байгуулахаар тохироод байна.

Нийгэмлэгийн шинэ жилийн цэнгүүн боллоо

Хэвлэх
PDF

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг өнгөрч буй жилийн хугацаанд олсон ололт амжилт, хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж гишүүн эмч нарынхаа дунд шинэ жилийн цэнгүүнээ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтаа билээ.

Энэ удаагийн шинэ жилийн цэнгүүнд Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, ЭХЭМҮТ, АШУҮИС-ын эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхим, Хувийн хэвшлийн салбар зөвлөл, Гурван Гал, АСЭ, Таны төлөө бид зэрэг эмнэлгийн нийт 100 гаруй гишүүн эмч нар оролцлоо. Түүнчлэн Манай шинэ жилийн цэнгүүнд НҮБХАС-ын төслөөр, ЭХЭМҮТ-ийн урилгаар хамтран ажиллаж байгаа   Шинэ-Зеланд улсын Окландын их сургуулийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн Эх ургийн анагаах ухааны зөвлөх профессор Петер Стон, Хонг Конгын Хатан хаан Марийн нэрэмжит эмнэлгийн (Queen Mary) ЭБЭ-ийн тэнхмийн зөвлөх профессор Амелиа нар оролцов.

Бид ажил үйлсээрээ манлайлсан оны шилдэг салбар зөвлөлийг жил бүр тодоруулдаг. Энэ жил Говь-Алтай аймаг, Хувийн хэвшлийн салбар зөвлөлүүд оны шилдэг хамт олноор шалгарч нийгэмлэгийн өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртлээ.

 

Энэ жилийн шинэ жилийн цэнгүүний үйл ажиллагааг Ш.Цэрэнсамбуу ахлагчтай Өргөө амаржих газрын хамт олон сонирхолтой, сайхан зохион байгууллаа.

Франц улсад танилцах аялалд оролцоод ирлээ

Хэвлэх
PDF

Эрүүл мэндийн яам, Санте Сюд ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын эх баригч нарын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх» төслийнхүрээнд Франц улсын эрүүл мэндийн тогтолцоо, эх баригчийг бэлтгэх сургалт, эх баригчийн ажил үүрэг ур чадвар, эх барихын тусламж, үйлчилгээтэй танилцах үйл ажиллагааг 9 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 03-ны хооронд зохион байгууллаа. ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Д. Оюунчимэг ахалсан туршлага судлах 17 хүний бүрэлдэхүүнтэй багт ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газрууд АШУҮИС, Сувилахуйн сургууль, МЭБЭЭНН, МЭББЭНН, НҮБХАС, Архангай аймгийн ЭМГ-ын төлөөлөл багтсан юм.

Томилолтын явцад тус улсын ЭМЯ-ны бодлого чиглэл, Эрүүл мэндийн удирдах дээд газрын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, ард нийтийн эрүүл мэндийн тухай хууль, эх баригчийн ажил үүргийн хуваарь, ёс зүйн хууль дүрэм, төрөлт удирдах удирдамжийн хэрэгжилт, Олон улсын эх баригчдын нийгэмлэг, Эх баригчийн үндэсний зөвлөл, Эх баригчдын үйлдвэрчний эвлэл, Санофи Эспуар сан, Франш-Контэ мужийн Бэзансон хотын Эх баригчийн сургууль, Их сургуулийн эмнэлэг, Бэлфор, Монбэлиар хотуудын амаржих газрууд, перинаталь тусламж, нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, хувийн болон улсын эмнэлэгт ажиллаж буй эх баригчдын ажлын уялдаа, эх барих- эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг, хүүхдийн эмч нартай болон хамтын ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо. Франц улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар дамжуулан 100% төрөөс санхүүжүүлдэг бөгөөд хувиараа ажиллаж буй эх баригч нар ч мөн хамтын ажиллагааны гэрээгээр тодорхой заасан жишгийн дагуу санхүүжилтээ авдаг байна. Эх баригч мэргэжлээр суралцагсад нийт 5 жил суралцан бакалавр зэрэгтэй төгсдөг ба 2 дахь жилээсээ эмнэлгүүдэд дадлага хийж эхэлснээр төгсөхдөө 80-120 эхийг төрүүлсэн байх шаардлагатай байдаг ажээ.

Эх баригч нарын ажил үүргийн нэг чухал хэсэг нь бүх насны эмэгтэйчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, хэвийн төрөлтийг удирдах, зөвшөөрөгдсөн эм, эмчилгээ бичиж, хэрэглэх, жирэмслэхээс хамгаалах ерөндөг, суулгацыг тавих, авах зэрэг ажлуудыг хийдэг байна.

МЭБЭЭНН-ийн зөвлөх И.Даваадорж

Ази Далайн Орнуудын Эх барих Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн ХуралУлаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

Хэвлэх
PDF

Монголын Эх барих, Эмэгтэйчүүдийн Эмч нарын Нийгэмлэг өөрийн оронд анх удаа Ази Далайн Орнуудын Эх барих, Эмэгтэйчүүдийн Холбооны (АДОЭЭХ) Удирдах Зөвлөлийн Хурлыг 6-р сарын 24-25-нд амжилттай зохион байгууллаа. АДОЭЭХ-ныГүйцэтгэх Хорооны хурал 6-р сарын 24-нд Чингис зочид буудлын “Ил Хаад” танхимд хуралдаж мөн өдрийн орой 19.00-21.00 цагт уг холбооноос зохион байгуулсан хүлээн авалтыг Марко Поло танхимд хийсэн бөгөөд АДОЭЭХ-с 47, Монголын Эх барих Эмэгтэйчүүдийн Нийгэмлэгээс 5 (Г.Пүрэвсүрэн, И. Даваадорж, Т. Эрхэмбаатар, Б. Цэдмаа, Ө.Гандолгор) төлөөлөгч оролцов. Ази далайн эх барих эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн хуралд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид харилцан ярилцаж, санал солилцлоо.

 

АДОЭЭХ-ны Удирдах Зөвлөлийн хурал 6-р сарын 25 -нд Чингис зочид буудлын Марко Поло танхимд зохион байгуулагдав. Удирдах зөвлөлд уг холбооны гишүүн 27 орны үндэсний нийгэмлэгийн тэргүүнийг оролцуулан орон тус бүрээс 1-2 төлөөлөгч оролцдог. Энэ удаагийн хуралд АДОЭЭХ-ийн тэргүүн, дэд тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, салбар хороодын дарга нар, гишүүн 15 орны нийгэмлэг, холбоодын тэргүүлэгчид, ажиглагч нийт 40 гаруй төлөөлөгч оролцов. Монгол улсаас удирдах зөвлөлийн хуралд АДОЭЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Пүрэвсүрэн МЭБЭЭНН-ийг төлөөлөн оролцов. Хурлыг холбооны ерөнхийлөгч профессор Жу Нуин Нам (Солонгосын АСАН Эмнэлэг), Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Сумпайко (Филлипин), холбоог ирэх 2 жилд тэргүүлэх Малайзын профессор Рави Чандран нар удирдав.

Хуралд өнгөрсөн жилд тус холбооноос хийсэн ажлын талаар ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл, мөн 2015 оны 6-р сард АДОЭЭХ-ны 24-р их хурлыг зохион байгуулсан Малайз улсын эх барих эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн илтгэл, холбооны санхүү хариуцсан захирал Шри Ланкийн профессор Рухана нарын илтгэлийг сонсож асуулт асууж, харилцан ярилцсаны дараа илтгэлүүдийг соёрхон батлав. Үүний дараа салбар хороодын тайлангуудыг хэлэлцэж батлав. Төгсгөлд нь АДОЭЭХ-ны 25-р их хурлыг 2017 оны 6-р сарын 15-19-нд Хонг-Конгод зохион багуулахаар тохиролцлоо. Гүйцэтгэх хороо болон удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулах нөхцлийг бүрдүүлсэн АСЭ эмнэлгийн захирал Энхтайван, МЭБЭЭНН-ийн нарийн бичгийн дарга Ө. Гандолгор, зөвлөх И. Даваадорж, МЭБЭЭНН-ийн удирдах зөвлөлийн гишүүн Б. Цэвэлмаа, Д. Владимир, О. Батсүх, А. Отгонболд, Д. Цэцэгээ болон идэвхтэй оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлье.

МЭБЭЭНН-ээс 2016 оны 6-р сарын 25-нд Премиум зочид буудалд хурлын төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авалтыг зохион байгуулсан нь оролцсон хүмүүсийн талархалыг хүлээсэн сайхан үйл явдал болов. Уг хүлээн авалтыг халуун дотно уур амьсгалд, өндөр түвшинд зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүн Д. Цэцэгээ (Хүрээ амаржих газар), Ш.Цэрэнсамбуу (Өргөө амаржих газар), Б. Цэвэлмаа (Данида төсөл), Ш.Алтантуяа (ЭХЭМҮТ) нарт болон оролцсон бусад бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Түүнчлэн МЭБЭЭНН-ийн хувийн хэвшлийн салбар зөвлөлөөс АДОЭЭХ-ийн төлөөлөгчдөд зориулж УБ хот доторх аялал, зугаалга зохион байгуулав.

Зочид төлөөлөгчид 6-р сарын 26-нд Цонжин Болдог дах Чингисын хөшөө, цогцолборыг үзэж, дурсгалын зураг авахуулсаны дараа “Хүннү Турт” үдийн хоол хүлээн авалт зохион байгуулагдах үеэр Монгол Хорхог зооглон Монгол гэрт тухлан, салхинд зугаалан морь унаж тухтай амарсан нь гадаадын төлөөлөгчдийн сонирхолыг татсан үйл ажиллагаа болсон. Уг аялалыг ая тухтай зохион байгуулсан МЭБЭЭНН-ийн хувийн хэвшлийн салбар зөвлөлийн хамт олон ялангуяа тэргүүн О. Батсүх, Д. Владимир, Т. Данаажав, Б.Мөнхцацрал, Д.Энхжаргал, Э.Сугармаа нарт нийгэмлэгийн удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс маш их баярласнаа илэрхийлье.

Дээрх бүх үйл ажиллагаанууд нь манай нийгэмлэгийн гишүүдийн мэргэжлийн мэдлэгийг сэлбэх, ур чадварыг дээшлүүлэх мөн монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нар Ази далайн орнуудын мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, туршлагаа солилцох, харилцан суралцах, МЭБЭЭНН-ийн олон улсын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ боллоо.

Ази, далайн эх барих эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МЭБЭЭНН-ийн тэргүүн анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Пүрэвсүрэн

2016 оны 06 дугаар сар 30